Малын эмнэл зүйн үзлэгт суурилсан эрсдэлийн үнэлгээ хийх туршилтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ
Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-аас хэрэгжүүлж байгаа “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд 2021 онд Эрсдэлийн үнэлгээний туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байгаа. Мал эмнэлгийн салбарт шинээр нэвтрүүлж байгаа энэ арга хэмжээг хэрэгжүүлэхдээ газарзүйн байршил, малын халдварт өвчний нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Монгол Улсын баруун, зүүн, төвийн бүсээс төлөөлөл болгон Сүхбаатар, Өвөрхангай, Ховд аймгийг сонгосон ба арга зүй боловсруулах ажлыг МЭЕГ-тай хамтран гүйцэтгэж, орон нутагт хэрэгжүүлэх ажлыг аймгийн Мал эмнэлгийн газар, сумын Мал эмнэлгийн тасгууд, 149 Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж (МЭҮН)-тэй хамтран зохион байгууллаа.
Энэхүү туршилтын хөтөлбөрийн хүрээнд аймгийн Мал эмнэлгийн газар, сумын МЭТ, МЭҮН-ийн малын эмч нарт зориулан эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй эзэмшүүлэх сургалт зохион байгуулснаас гадна эмнэл зүйн үзлэг хийх, үзлэгийн дүнг Мал эмнэлгийн нэгдсэн систем (МЭНС)-д оруулан тайлагнах ур чадварын сургалтыг тус тус зохион байгуулсан болно. Танхимаар болон цахим хэлбэрээр зохион байгуулсан эдгээр сургалтад дээрх аймаг, сумдын 200 гаруй малын эмч, мэргэжилтнийг хамруулсан байна.
Эмнэл зүйн үзлэгт суурилсан эрсдэлийн үнэлгээ нь сумдын малын эмч нарын үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлж байгаа үйлчилгээ тул тэдний үйл ажиллагааг дэмжих зорилгоор 150 малын эмчид таблет олгосны зэрэгцээгээр “Мал, амьтны халдварт өвчний гарын авлага” товхимолыг хэвлүүлэн малчдад түгээсэн байна.
Энэхүү туршилтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг оролцогч талуудад танилцуулах, хэрэгжүүлэх үед гарсан хүндрэл бэрхшээлийг хэрхэн арилгах арга замын талаар санал солилцох, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, хүрээг тогтоох зорилгоор 2022 оны 1-р сарын 14-ний өдөр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт, МЭЕГ-ийн саналыг үндэслэн тус хөтөлбөрийг 2022 онд улсын хэмжээнд өргөжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.
Энэхүү туршилтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр мал, амьтны халдварт өвчний эрсдэлийг тандан судлах, эрт илрүүлэх, улмаар урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээг баталгаатай, иж бүрэн баримт нотолгоонд тулгуурлан оновчтой зохион байгуулах тогтолцоо бүрдэх юм.