Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-н ЭЗЭН) төсөл нь "МАА-н инноваци шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар" болон "Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл"-үүдийг нэгтгэх зорилготой "Шинэлэг шийдэл" хөтөлбөрийг зарлаж байна. Эдгээр шинэ санаа, санаачлаг, шийдлүүдийг саналын шатнаас нь төслийн зорилтот аймгууд болох Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дундговь, Хэнтий, Төв аймгууд болон Улаанбаатар хотод хэрэгжүүлэх шат хүртэл нь шударга, ил тод, өрсөлдөөнт, нээлттэй байдлаар сонгон шалгаруулна.
Уг хөтөлбөр нь малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, орчин үеийн цахим технологийг нэвтрүүлэх, мал аж ахуйн салбарт нэмүү өртгийг бодитойгоор нэмэгдүүлэх зах зээлийн шинэ загваруудыг шингээсэн “МАА-н инноваци шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар” болон “Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл”-үүдийг олж илрүүлэх, тэдгээрийг сурталчлан таниулах, харилцан суралцах, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, өргөжүүлэх зорилготой мэдлэгийн талбар юм.
Мах, сүү, ноос, ноолуурын чиглэлийн хоршоод, холбоод, хувийн хэвшлийн компаниуд, сургалт эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон төр, төрийн бус байгууллагууд нь доорх 2 төрлөөр хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой. Үүнд:
- “Мал аж ахуйн инноваци шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар”
- “Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл”
Төслийн санал гаргагч нь: Мал үржүүлэгч хуулийн этгээд, мал бордох талбай, мал төхөөрөх үйлдвэрүүд, мах боловсруулах үйлдвэрүүд, ресторанууд, жижиглэн худалдаалагчид, сүүний үйлдвэрүүд, ноос, ноолуурын компаниуд, мөн мал, малын гаралтай бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой Бүтээмжит түншлэлийг үүсгэх санал бүхий бусад байгууллагууд зэрэг байна.
ТАЙЛБАР: МАА-н ЭЗЭН төсөл нь урьдчилан мэдэгдэл гаргах эсвэл тайлбар өгөхгүйгээр хөтөлбөрийн мэдээлэлд өөрчлөлт оруулах болон цуцлах эрхтэй. Мөн МАА-н ЭЗЭН төсөл нь шалгаруулалтын журамд мэдэгдэл хийхгүйгээр шаардлагатай өөрчлөлтийг оруулах эрхтэй ба орсон бүх өөрчлөлтийн мэдээллийг оролцогч нарт шуурхай хүргэх болно. Аливаа маргаан гарсан тохиолдолд МАА-н ЭЗЭН төсөл нь хамгийн эцсийн шийдвэрийг гаргана.