Малын эмчийн төгсөлтийн дараах сургалтын талаар сургалтын комиссын дарга Б.Чулуунчимэгтэй хийсэн ярилцлага

Малын эмчийн төгсөлтийн дараах сургалт явагдаж байгаа юм байна? Ямар сургалтууд хаана явагдаж байна вэ?

Малын эмч нарт зориулсан төвийн бүсийн итгэмжлэлийн сургалт Улаанбаатар хотод, баруун бүсэд Ховд аймаг, зүүн бүсэд Хэнтий аймагт зохион байгуулж байна. Одоогоор 180 орчим малын эмч итгэмжлэлийн сургалтад хамрагдаад байна. 

Энэ удаагийн итгэмжлэлийн сургалтыг хийх байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулсан бөгөөд сургалтыг орон нутагт тухайн газар дээр нь очиж, дадлага ажил, практикт суурилсан байдлаар хийж байна.

 

Холбогдох журамд мал эмнэлгийн боловсон хүчний мэдлэг, ур чадварын төвшин тогтоох замаар сургалт хөгжлийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, хүний нөөцийг чадавхжуулах төгсөлтийн дараах болон итгэмжлэлийн сургалт зохион байгуулах, малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлахтай холбогдох ажлыг орон тооны бус сургалтын комисс гүйцэтгэхээр заасан байдаг.

МЭЕГ-ын дэргэдэх Сургалтын комисс нь мал эмнэлгийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, сургалт хөгжлийн үйл ажиллагаанд багц цагийн тогтолцоог нэвтрүүлэх ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

3 дугаар сард мал эмнэлгийн хууль эрх зүй, бизнес менежмент, мал амьтны халдварт өвчин, тархвар зүй, мэдээллийн сан, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр 10 хөтөлбөрийн дагуу төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтууд баруун болон төвийн аймгуудад зохион байгуулагдана.

Сургалтын талаарх мэдээллийг хаанаас авах вэ? Хэрхэн бүртгүүлж байгаа вэ?

МЭЕГ болон Дэлхийн банкны МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл хамтран “Мал эмнэлгийн хүний нөөцийн хөгжил, удирдлагын систем”-ийг ашиглалтад оруулж 2022 оны 12 сарын 28-наас албан ёсоор ажиллуулж эхлээд байна.

Сургалтын болон бүртгэлийг талаарх мэдээллийг “Мал эмнэлгийн хүний нөөцийн хөгжил, удирдлагын систем”-д бүртгүүлж авах боломжтой. Тус системийг ашиглан батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй танилцах, тавигдах шаардлага зэрэг холбогдох мэдээллийг авах, цахимаар сургалтад бүртгүүлэх боломжтой юм.

 

Энэхүү систем нь мал эмнэлгийн болоод бусад салбарт ажиллаж байгаа малын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, чадавхжуулах үргэлжилсэн сургалтыг явуулах зорилготой хүний нөөцийн мэдээллийг агуулсан сан бөгөөд Мал эмнэлгийн  нэгдсэн системтэй холбогдон ажилладаг.  Одоогийн байдлаар 2170 орчим малын эмч, мэргэжилтэн тус системд бүртгүүлээд байна.

Цаашид ямар ажлууд төлөвлөж байна вэ?

Шинэ цахим систем нэвтэрсэнтэй холбогдон улсын хэмжээнд малын эмч, мэргэжилтнүүдийг системд бүртгэх, систем ашиглалтыг нэвтрүүлэх сургалтыг зохион байгуулж 21 аймаг, нийслэлийн түвшинд хариуцан хэрэгжүүлэх мэргэжилтнийг бэлтгэх сургалтад хамруулах ажлыг зохион байгуулсан.

 

Мөн аймгуудад “Мал эмнэлгийн хүний нөөцийн хөгжил, удирдлагын систем” хариуцсан мэргэжилтэнг сургах, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид ажиллаж байгаа малын эмч, мэргэжилтнүүдийг бүртгэлд хамруулж, итгэмжлэлийн, багц цагийн сургалтыг танхим, цахим болон хосолмол байдлаар зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэ системээр дамжуулан манай эмч, мэргэжилтнүүд өөрсдийн сонирхсон, шаардлагатай байгаа сургалтыг сонгон хамрагдах бүх боломжийг бий болгохоор салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

МЭЕГ-аас мал эмнэлгийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, сургалт хөгжлийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2023 онд хэд хэдэн ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд үргэлжилсэн сургалтын багц цаг бүрдүүлэх аргачлал, багц цагийг дүйцүүлэн олгох аргачлалуудыг боловсруулан батлуулан хэрэгжүүлж эхэлнэ. Түүнчлэн, малын эмч нарт сургалтад хамрагдах, нарийн мэргэшлээр сонгон суралцах боломж бүрдүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж, системд байршуулан сургалтын бааз, суурь бүрдүүлэхээр ажиллах болно.

Эцэст нь сургалтын комиссын үйл ажиллагаанд амжилт хүсэж мал эмнэлгийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллаж байгаа бүх ажилтан, албан хаагчдадаа талархлаа илэрхийлье.