“МАЛ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ” 14 АЙМАГ, 150 СУМ, НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИНЭ

Дэлхийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх үр дүнгийн гэрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа нар 6 дугаар сарын 12-нд гарын үсэг зурлаа.

2020 оны 4 дүгээр сард УИХ-аар соёрхон батлагдсан уг төслийн Санхүүжилтийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны төлөөлөл гарын үсэг зурж, ХХААХҮЯ-аас шаардлагатай арга хэмжээ, урьдач нөхцөлийг хангаснаар 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлсэн. Уг төсөл нь Монгол Улсын мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн эхний хөтөлбөр болох “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн амжилтад суурилсан 2 дахь үе шатны төсөл болж байгаа юм.

Төслийн хүрээнд 2020-2025 онд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймагт мал сүргийн эрүүл мэнд, бүтээмж, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай байгуулж буй үр дүнгийн гэрээг хэрэгжүүлснээр Монгол Улсын малын эрүүл мэндийн тогтолцоог олон улсын жишигт хүргэж, олон мянган малчин айл өрхийн амьдралд эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэж байгаагаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан онцолж байв.