"ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ" ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

"Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төслийн "Шинэлэг шийдэл" хөтөлбөрийн нээлт 2021 оны 6 дугаар сарын 3-нд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Арга хэмжээг нээж, ноён Андрей Михнев хэлсэн үгэндээ, “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх ажлынхаа хүрээнд инновац болон түншлэлийн шийдэл зах зээлийн платформыг санаачилж, холбогдох арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг угтуулан мах, сүү, ноос, ноолуурын нэмүү өртгийн сүлжээнд үйлчилгээ үзүүлэх инновац болон түншлэлийн шийдлийн саналуудыг нээлттэй авахаар зарласанд бид баяртай байна” гээд хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг шинэ шатанд хүргэх нийтийн энэхүү санаачилгад нэгдэхийг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн бүхий л төлөөлөлд уриаллаа.

Үргэлжлүүлэн тус төслийн Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээний ажилтан Б.Гантуяа "Шинэлэг шийдэл" хөтөлбөрийн хамрах хүрээ, үйл ажиллагаа, санхүүжилтийн зарчмын талаар танилцуулсан. Хөтөлбөр Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дундговь, Хэнтий, Төв аймгийн нэр бүхий 60 сум болон Улаанбаатар хотод хоёр төрлөөр хэрэгжинэ. Тодруулбал,

“Мал аж ахуйн инноваци шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар” төрөлд малын эрүүл мэндийн үйлчилгээ, малын нөхөн ба сонгон үржүүлэх, ХАА-с ялгарах хүлэмжийн хийг бууруулах, байгалийн аюулт болон гамшигт үзэгдлийн эрсдэлийг даах чадавхтай мал аж ахуйг хөгжүүлэх, МАА-н салбарт орчин үеийн цахим шийдэл болон цахим үйлчилгээ нэвтрүүлэх зорилготой төсөлд 100 000 ам.доллар хүртэлх санхүүжилт олгоно. Үүнд мах, сүү, ноос, ноолуурын чиглэлийн мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн компани, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хоршоо, зөвлөх үйлчилгээ, гарааны бизнесүүд төслөө ирүүлнэ.

“Бүтээмжит  түншлэлийн хамтын шийдэл” төрөлд, мах, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр, мал үржүүлгийн газар, тэжээл тариалалт, сүүний чиглэлийн тэргүүлэгч компаниуд түншлэл байгуулан оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүд хамтран малчид болон нэмүү өртгийн сүлжээнд оролцогчдын хооронд зах зээлийн эрэлт хэрэгцээнд суурилсан олон талт бүтээмжит түншлэлийг бий болгох зорилготой төсөл санаачилж, “үр дүнд суурилсан” нөхцөлтэйгөөр 500 000 ам.доллар хүртэлх санхүүжилт авах боломжтой байна. Ингэхдээ тогтвортой, ногоон, өрсөлдөх чадвар бүхий нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх шийдлүүдийг төсөлдөө багтаасан байх юм.  

Сонгон шалгаруулалтад оролцогч нь төслийн хураангуй саналаа application.lcp@gmail.com цахим хаягаар “Application for LCP Solution Marketplace with window 1 Service Delivery Innovations” гарчигтайгаар 2021 оны 6 сарын 27-ны өдрийн 23:59 цагаас өмнө ирүүлнэ (зөвхөн цахимаар хүлээн авна). Төслийн хураангуй саналд оруулсан үйл ажиллагаа нь төрлөөсөө хамаарч 2-3 жилийн хугацаанд хэрэгжиж дууссан байх шаардлага тавьж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл, хураангуй саналын маягтыг http://lcp.mn/page/detail/106 холбоосоор нэвтрэн орж авах боломжтой. Төслийн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн байгууллагуудтай холбогдож, “Шинэлэг шийдэл” хөтөлбөрт оролцуулах урилга илгээж, дараагийн шатанд оролцох зааварчилгаа болон “Дэлгэрэнгүй төслийн маягт”-ыг явуулна.

 

Ийнхүү шалгарсан төслүүд нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам болон Дэлхийн банкнаас баталсан Байгаль орчин, нийгмийн удирдлагын хүрээг дагаж мөрдөх ёстой. Уг 10 төрлийн стандартыг тус банкнаас зээл, тусламж авч төсөл хэрэгжүүлж буй бүх тал үйл ажиллагаандаа дагаж мөрдөх шаардлагатай байдаг. Тухайлбал, шалгарсан төслийн байгаль орчин, нийгмийн эрсдэл, нөлөөллийг үнэлж, нөлөөлөл нь дундаас дээш гэж үнэлэгдсэн тохиолдолд Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөг зайлшгүй боловсруулж хэрэгжүүлнэ гэх зэргээр Төслийн байгаль орчин, нийгмийн удирдлагын хүрээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.