“МАЛ АЖ АХУЙН ИННОВАЦИ ШИНГЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗАГВАР” БОЛОН “БҮТЭЭМЖИТ ТҮНШЛЭЛИЙН ХАМТЫН ШИЙДЭЛ”-ҮҮДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЯВЦ

Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-ны хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” (МАА-н ЭЗЭН) төсөл нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой, өрсөлдөх чадвар бүхий мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд “Мал аж ахуйн инноваци шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар” болон “Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл”-үүдийг дэмжиж санхүүжилт олгох “ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ” хөтөлбөрийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зарлаж, дэд төслийн саналуудыг 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хүлээн авсан.

Төслийн зүгээс малын эрүүл мэнд, ашиг шимийг сайжруулах, орчин үеийн цахим технологийг нэвтрүүлэх, мал аж ахуйн салбарт нэмүү өртгийн сүлжээг бодитойгоор бэхжүүлэх зах зээлийн шинэлэг загваруудыг шингээсэн шийдлүүдэд холбогдох санхүүжилтийг олгоно. Мах, сүү, ноос, ноолуурын салбарын хоршоод, холбоод, хувийн хэвшлийн компаниуд, төрийн болон төрийн бус байгууллагууд болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцож, төслийн зорилтот аймаг, сумдад хэрэгжүүлэх 163 дэд төслийн хураангуй саналыг төсөл хэрэгжүүлэх нэгжид ирүүлсэн байна.

Хүлээн авсан дэд төслийн саналуудыг ил тод, өрсөлдөөнт шалгаруулалтаар үнэлж, үр дүнд суурилсан гэрээ / гүйцэтгэлд суурилсан урамшууллын хэлбэрээр санхүүжүүлэх бөгөөд Дэлхийн банкны баталсан “Бүтээмжит түншлэлийн заавар”-т заасны дагуу дэд төслүүдийн хураангуй болон дэлгэрэнгүй саналын үнэлгээг дараах үе шаттайгаар хийж байна. Үүнд:

1. Хөндлөнгийн мэргэшсэн зөвлөх, экспертүүдийн дүгнэлт,

2. Техникийн хорооны үнэлгээ,

3. Дэлхийн банкны хяналт, баталгаажуулалт.

Хүлээж авсан хураангуй саналуудтай Хөндлөнгийн мэргэшсэн зөвлөх, экспертүүд 2021 оны 7 дугаар сарын 21-с 8 дугаар сарын 4-ны хооронд нэг бүрчлэн танилцаж, дүгнэлт гаргасан бөгөөд Техникийн хорооны үнэлгээг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн гүйцэтгэж байна. Техникийн үнэлгээний хорооны дүн нь 2021 оны 8 дугаар сарын  20-ны өдөр гарах болно.

Техникийн хорооны үнэлгээний дараа дэд төслүүдийн хураангуй саналыг Дэлхийн банк хянан баталгаажуулна. Улмаар сонгон шалгаруулалтын эхний үе шат дуусаж, үнэлгээний үр дүнг дэд төслийн санал боловсруулж ирүүлсэн өргөдөл гаргагч нарт мэдээлэх болно.