Ухаалаг газар тариалан эрхлэхэд зориулсан хөдөө аж ахуйн платформ хөгжүүлэх судалгааны ажил
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн санхүүжилтээр ухаалаг газар тариалангийн цахим платформ боловсруулах туршилтын судалгааны ажил хэрэгжиж байна. Уг судалгааны ажлыг Арвин-Хур ХХК компанийн төслийн баг удирдан гүйцэтгэж, 2023 оны 9 сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Ухаалаг газар тариалан эрхлэхэд зориулсан платформ нь хөдөө аж ахуйн хэрэглээний төрөл бүрийн тохиолдлуудад хэрэглэгдэх олон талт функц бүхий хиймэл дагуул болон ухаалаг төхөөрөмжөөр удирддаг бөгөөд тариаланчдад нарийвчлалтай, ухаалаг газар тариалан эрхлэхэд нь хувь нэмрээ оруулах загвар шийдэл юм.
Энэхүү судалгааны ажил нь нэгж талбарт суурилсан газар тариалангийн мэдээллийн үйлчилгээг бий болгож, таримлын төрөл, хэмжээ, байршил, бүтээмж, хэлбэлзлийн талаарх мэдээллээр хангахыг зорьж байна. Ингэснээр Засгийн газарт ургацын хомсдолыг илүү сайн төлөвлөх, газар тариалан эрхлэхэд тандалт хийх, хуулийн хэрэгжилтийг хянах, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах боломжийг олгоно.
Улмаар тариаланчдад газрын менежментийн илүү сайн туршлагуудыг нэвтрүүлэх, ухаалаг газар тариаланг хөгжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах боломжийг олгох бөгөөд тариалангийн ургацын тогтвортой өсөлтийг хангаж улмаар хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх эцсийн зорилгод хүрэхэд түлхэц болох юм.
Судалгааны ажлын явц, үр дүнтэй газар дээр нь танилцахаар Дэлхийн банкны ХАА-н ахлах эдийн засагч Доктор Ситарамачандра Мачиражу тэргүүтэй Дэлхийн банкны хяналтын ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Хушаат суманд 2023 оны 5-р сарын 27-ны өдөр ажиллалаа.