ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ЛАБОРАТОРИ ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДЛАА

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн “Мал эмнэлгийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсгээс Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторид оношилгооны тоног төхөөрөмжүүдийг нийлүүллээ.

 

Энэхүү тоног төхөөрөмжүүд нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны 12 сарын 30-ны өдрийн тушаалаар батлагдсан “Мал эмнэлгийн лабораторийн үндэсний сүлжээг хөгжүүлэх богино болон дунд хугацааны стратеги”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

18 нэр төрлийн тоног төхөөрөмж бүхий багцад -86 хэмийн гүн хөлдөөгч, аналитик жин, био-аюулгүйн кабинет, ЭЛИЗА хавтан уншигч, лабораторийн халаалт, агааржуулалт, хөргөлтийн HAVC систем, инкубатор, тоон микроскоп, хүнсний өндөг дурандах овоскоп, нян устгах хэт ягаан туяаны зөөврийн гэрэл, аюулгүйн шүршүүр, нүд угаагч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд багтсан.

Эдгээр тоног төхөөрөмжөөр хангагдсанаар олон нутагт шинжилгээ хийх, дээжийг хадгалах нөхцөл сайжирч, орон нутагт малын халдварт болон халдваргүй өвчнийг илрүүлэх чадавх бэхжихээс гадна хүнсний аюулгүйн байдлын баталгааг хангах юм. Мөн био-аюулгүй байдлын 2-р зэрэглэлийн кабинетыг нийлүүлснээр аюултай нөхцөлд ажиллаж буй лабароторийн ажилтнууд халдвар авах эрсдлийг бууруулах юм.