“Шинэлэг шийдэл” хөтөлбөрийн хүрээнд “Ноос, ноолуурын ногоон нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” зорилго бүхий Бүтээмжит түншлэлийн дэд төсөлтэй танилцлаа

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн Тогтвортой хөгжил хариуцсан бүсийн захирал Анна Велленштейн, Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан менежер Пааво Элистэ болон ахлах эдийн засагч Ситарамачандра Мачиражу нар МАА-н ЭЗЭН төслийн “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийн хүрээнд “Ноос, ноолуурын ногоон нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” зорилго бүхий Бүтээмжит түншлэлийн дэд төсөлтэй танилцлаа.

“Ханбогд кашемир” ХХК болон бусад хамтран түншлэгчид болох "Тогтвортой ноолуурын эвсэл" нь экспортод гаргах самнасан ноолуурын мөшгөлт, боловсруулалт, гарал үүслийн мэдээллийг агуулсан Блокчейн системд суурилсан мөшгөлтийг систем хөгжүүлэх, бэлчээрийн тогтвортой менежментийг малчдад хэрэгжүүлэх, малчдын үйлдвэрлэсэн баталгаат ноолуураар малчдын өөрсдийн өмчлөлийн EZEN брэндийг хөгжүүлэх дэд төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү дэд төслийг хэрэгжүүлснээр Увс болон Хэнтий аймгийн 1500 малчин чадавхжиж, 300 малчин Тогтвортой ноолуурын эвсэл-ийн гэрчилгээ авсан байна.