ХХААХҮ-ИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан аймгийн удирдлагуудтай өнөөдөр (2021.01.05) өвөлжилт, отор нүүдэл, өвс тэжээлийн хангамжийн асуудлаар цахим уулзалт хийж, санал солилцлоо.

Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгждэг “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад 5 сая ам.долларын тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Эхний ээлжид Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн малчин өрхөд тэжээлийн тусламж хүрэхэд бэлэн болсон. Цаашид үйлдвэрүүдийн хүчин чадалд тулгуурлан бусад малчдад тэжээл хүргэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм. Энэхүү тусламжийн тэжээлийн хуваарилалт, холбогдох зохион байгуулалтыг орон нутгийн удирдлагууд, аймгийн онцгой комисс хийх учиртай. Тиймээс тусламж эзнээ олж, шударга хуваарилалт хийх ёстой гэдгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан санууллаа.

Аймгуудын удирдлагууд өнгөрсөн жил зуншлага тааруу, өвсний гарц муу байсан аймгуудын малчид зэргэлдээ аймагт отор нүүдэл хийж байна. Оторт яваа малчдын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, усны хангамж, бэлчээрийн даацын асуудлыг хөндөв. Мөн өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор малчдад өвс, тэжээл бэлэн мөнгөөр худалдаж авах санхүүгийн боломж хомс байгааг харгалзан өвс, тэжээл зээлээр авах зохицуулалт хийж өгөхийг зарим аймгийн удирдлагууд салбарын сайдад уламжлав.

Эх сурвалж: ХХААХҮЯ