МАЛЫН ТЭЖЭЭЛ ОЛГОХ АЖЛЫН ЯВЦ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 213 дугаар тогтоолоор мал өвөлжилт хүндэрч байгаа Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумд, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгуудын бүх сумдын болон отроор явж байгаа малчин өрхөд хүчит тэжээл олгоход ХХААХҮЯ дээр хэрэгжиж буй Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Болзошгүй онцгой нөхцөл байдал, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгээс 5.0 сая ам. доллар зарцуулахаар шийдвэрлэсэн.

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын   даргын 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тушаалыг гаргаж   өвөлжилт хүндэрч, зудын гамшиг нүүрлэж байгаа аймгуудын болон отрын малчдад тусламж үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг, түр журам, ажлын төлөвлөгөөг баталж, тэжээл хүргэх ажлыг 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр  зохион байгуулсан. 

Ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг түр журам, ажлын төлөвлөгөөний хүрээнд аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын ерөнхий газар болон аймгийн Онцгой байдлын газар, төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран дараах ажлуудыг зохион байгуулж хяналт тавьж байна. Үүнд:

  1. 1. Уланбаатар хот дахь гурил тэжээлийн үйлдвэрээс тээвэрлэж ирсэн тэжээлийг аймгийн Улсын нөөцийн салбарын агуулахад хүлээн авах бэлэн байдлыг хангуулж, тэжээлийн тоо хэмжээг бүртгэх, ачиж буулгах, сумд руу тээвэрлэх зохион байгуулалтын арга хэмжээ авав.  
  2. 2. Аймгийн төвүүдэд тээвэрлэн хүргүүлсэн болон сумд руу хүргүүлэх тэжээлийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргасан хуваарийн дагуу Онцгой байдлын газар, хэлтсийн аврах, гал унтраах анги, улсын нөөцийн салбарын бие бүрэлдэхүүний хүчээр ачиж буулгах, хадгалах, тээвэрлэх  ажлыг шуурхай зохион байгуулж байна.   
  3. 3. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Сумдын Засаг даргын тамгын газар  Дэлхийн банкны шаардлагад нийцсэн санхүүгийн анхан шатны баримт, бүртгэл, мэдээ, тайлан бүрдүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэж байна.  
  4. 4. Тэжээл олгох ажлын гүйцэтгэл, аймаг, орон нутаг дахь тэжээл хүргэлтийн байдалд  хяналт тавин ажиллаж байна.

Ажлын хэсэг ажлыг зохион байгуулах төлөвлөгөөнд заасан хугацаанд буюу энэ оны 4 дүгээр сарын 1-ны дотор холбогдох аймгуудын малчин өрх бүрд тэжээл олгох ажлыг зохион байгуулна.

2021 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн байдлаар  тэжээл тээвэрлэлт Өвөрхангай аймагт 38 хувь, Баянхонгор аймагт 48 хувь, Говь-Алтай аймагт 100 хувь, Өмнөговь аймагт 100 хувь, Дундговь аймагт 70 хувийн гүйцэтгэлтэй, нийт тэжээл түгээлт 56 хувийн гүйцэтгэлтэй байна.