МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРТ ХИЙСЭН ҮНЭЛГЭЭ БА ШИЙДЭЛ ЦАХИМ СИМПОЗИУМ

Мал Аж Ахуйн Эдийн Засгийн Эргэлтийг Нэмэгдүүлэх (МААЭЗЭН) төслөөс 4-р сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулсан цахим симпозиумд  300 орчим  мал эмнэлгийн мэргэжилтнүүд Монгол орны 21 аймгаас оролцлоо. Уг цахим симпозиумыг МААЭЗЭН төслийн НҮБ-ын ХХААБ-ын техникийн зөвлөх үйлчилгээний  баг хамт олон зохион байгуулсан юм.

Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын газрын дарга нар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-ын захирал, төслийн үндэсний зөвлөхүүд тус бүр 20 минутын илтгэл тавьж хийж гүйцэтгэсэн ажил, үнэлгээний талаар симпозиумд оролцогчдод мэдээлэл өглөө.

Симпозиумыг шинээр томилогдсон Малын Ерөнхий эмч Б. Ганзориг нээж үг хэлсэн бөгөөд  төслийн зөвлөхүүд мал эмнэлгийн салбарт хийсэн үнэлгээнээс гарсан үр дүн, одоогийн мал амьтны тандалт судалгааны хөтөлбөр, мал эмнэлгийн оношилгооны лабораториудын чадавх, мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн итгэмжлэл олгох сургалтын зохицуулалтын талаар өгч буй зөвлөмжүүдээ тус тус  танилцуулсан.

Симпозиумын хоёр дах өдөр, МЭЕГ-ын удирдлагууд төслийн зөвлөхүүдийн өгсөн зөвлөмжүүдэд тулгуурлаж цаашид МЭЕГ-ын зүгээс хийгдэх ажлуудын тоймыг танилцуулав.   Үүнд: мал амьтны өвчний тандалтын нэгдсэн тогтолцоог  орон даяар хэрэгжүүлэх замаар тандалтын шинэ тогтолцоо бий болгож, шийдвэр гаргагчдийг бодит хугацааны үнэн зөв мэдээллээр хангах. Мөн мал эмнэлгийн сүлжээ лабораторийн шинэ бүтэц, үйл ажиллагааны төлөвлөгөө, стратеги төслийн талаар хэлэлцүүлсэн. Лабораториудийг шинэчлэх ажил нь МААЭЗЭН төслийн хүрээнд цаашид үргэлжлүүлэн хэрэгжих болно. Мөн түүнчлэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид ажиллаж буй хувийн малын эмч нар нь малчин өрхөд  буюу газар дээр нь очиж вакцинжуулалт хийх, туулга, халдваргүйжүүлэлт хийх үедээ малд эмнэлзүйн үзлэг хийх туршилтын хөтөлбөр эхэлж байгаа тухай танилцуулсан. Энэхүү эмнэлзүйн үзлэгийг хийснээр , малын эрүүл мэндийн байдлын талаар сумын тархвар зүйчид тогтмол тайлан мэдээлэл өгч байх юм. Ингэснээр, мал амьтны өвчний талаар МЭЕГ бодит мэдээлэлтэй болохоос гадна халдварт өвчинтэй тэмцэх, малын эрүүл мэнд сайжруулах чиглэлээр шийдвэр гаргахад дөхөм байх болно.  

Хурлын үеэр илтгэл тус бүрийн дараа Mentimeter програм ашиглан тус бүр хоёр асуулт бүхий цахим санал асуулгыг нийт оролцогчдын дунд явуулсан. Энэ нь оролцогчид болон илтгэгчид нар хоорондоо харилцан ойлголцолд хүрч байгаа эсэхийг газар дээр нь баталгаажуулах нэг хэлбэр юм. Симпозиумын хоёр дахь хагаст цахим асуумжийн үр дүнг оролцогчдод дэлгэрэнгүй тайлбарлаж ярилцсан. Гэсэн хэдийн ч хэдэн зуун оролцогчдын асуулт болгонд хариулах нь цаг хугацааны хувьд  хомс байсан учраас төслийн зүгээс ирэх 4-р сарын 21-ний өдөр нийт оролцсон хүмүүстэйгээ ярилцах боломж олгож, нээлттэй асуулт хариултын хэсэг дахин зохион байгуулахаар бэлтгэж байна.

Энэхүү симпозиумыг дүгнэн хэлэхэд МААЭЗЭН төслийн Малын эрүүл мэндийн үйлчилээг бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсэгт тусгагдсан ажлууд үнэлгээний түвшнөөс хэрэгжүүлэлтийн түвшин үрүү ахиж байгааг хэлэхэд таатай байна. Хэдийгээр бид хатуу хөл хорионын үеэр симпозиумыг цахим хэлбэрээр зохион байгуулсан ч, нөгөө талаар бид Монгол улсын өнцөг булан бүрд хүрч зохион байгуулж чадсан нь манай симпозиум амжилттай болсны нэг нотолгоо боллоо.  НҮБ-ын ХХААБ-ын төслийн баг цаашид хийж гүйцэтгэж буй ажлын ололт амжилтын талаар цаг тухайд нь та бүхэнтэй хуваалцаж байх болно.