МАА-н ЭЗЭН төслийн зохион байгуулж буй “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” (МАА-н ЭЗЭН) төслийн нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд “Мал аж ахуйн инновац шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар” болон “Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл”-ийг дэмжих “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийг 2021 оны 5 дугаар сард зарласан. Уг хөтөлбөрийн дагуу дэд төслийн саналаа ирүүлсэн нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл болох 33 байгууллага 6 сэдвийн хүрээнд төслийн саналаа танилцуулсан. Танилцуулгыг хөндлөнгийн шүүгчдийн баг шүүж, шилдэг 12 танилцуулгыг шалгаруулсан бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагааг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Бест вестерн премир-Туушин зочид буудалд танхим болон цахим хослуулан амжилттай зохион байгууллаа.
Дэлхийн банкнаас Хятад, Индонези, Энэтхэг зэрэг Зүүн Ази, Номхон далайн бүсийн улс орнуудад хэрэгжүүлж буй “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөр нь ногоон, тогтвортой, ухаалаг мал аж ахуйн салбарын инновац, технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, хөгжүүлэх талаар олон улсын түвшинд мэдлэг, туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой.
Талархал гардуулах ёслолын ажиллагаанд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Зүүн Ази, Номхон далайн бүсийн ХХАА-н салбар хариуцсан менежер Дина Умали-Дайнингер, Дэлхийн банкны ХАА-н ахлах эдийн засагч бөгөөд Төслийн багийн ахлагч Др.Сита Мачиражу, Монгол Улсын ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар болон бусад холбогдох албаныхан оролцлоо.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс, Дэлхийн банкны хамтын ажиллагаа 30 гаруй жилийн түүхтэй бөгөөд энэ хугацаанд Дэлхийн банкны зүгээс үзүүлсэн тусламж, хөрөнгө оруулалтууд үр дүнгээ өгч, хөдөө аж ахуйн салбарын хөгжил өнөөдрийн төвшинд хүрэхэд чухал дэмжлэг болсныг онцолж талархал илэрхийлэв.
Мөн Дэлхийн банкны Монгол Улс дахь суурийн төлөөлөгч Андрей Михнев хэлэхдээ Монгол Улсын Хөдөө аж ахуйн хүнсний тогтолцоог сайжруулахад шинэлэг санаа, шийдлүүдийг хуваалцахаар ирсэн төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлж, Монгол Улсад “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгнө гэж итгэж байна гэв.
Ёслолын ажиллагаанд дэд төсөл хэрэгжүүлэхээр саналаа ирүүлсэн МАА-н салбарын хувийн хэвшлийн байгууллагууд, мах, сүү, ноос, ноолуур, малын тэжээлийн үйлдвэрүүд, олон улсын донор байгууллагууд, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод оролцов.