Хөтөлбөрийн тухай

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА ЭЗЭН) төслөөс хэрэгжүүлж буй “Залуу малын эмч” хөтөлбөр нь мал, амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлаар мэргэшиж, мал аж ахуйн хөгжилд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй залуу боловсон хүчнийг дэмжих зорилготой. Залуу малын эмч хөтөлбөр нь малын эмчээр суралцаж төгссөн залуу мэргэжилтнүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй сумдын хувийн болон улсын мал эмнэлэг, мал эмнэлгийн лабораториудад тогтвортой ажлын байранд зуучлах юм. Түүнчлэн сонгогдсон залуу малын эмч нарт төслийн үйл ажиллагаанд оролцох боломжийг олгоно. Хөтөлбөрт шалгарсан залуу малын эмч нарыг сонгогдсон ажлын байранд томилохоос өмнө шаардлагатай ур чадваруудыг олгох цахим болон танхимын сургалтад хамруулна.

Хөтөлбөрийн агуулга

Сургалт: НҮБ-н ХХААБ-н Техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг сонгогдсон залуу малын эмч нарт тохирсон сургалтыг хийнэ.

Ажлын бодит туршлага: Улсын болон хувийн мал эмнэлгийн нэгжүүд, сумын мал эмнэлгийн лабораториудыг аль нэгт томилогдон ажиллана.

Шинэ санал санаачилга: Оролцогчид нь томилогдсон газраа малын эрүүл мэндийг сайжруулах шинэ санал, санаачилгыг гаргах боломжтой ба санал нь дэмжигдвэл төслөөс хэрэгжүүлэх боломжоор хангана.

Хөтөлбөрийн шалгуур

Залуу малын эмчид тавих шалгуур:

  • - Монгол Улсын иргэн;
  • - Мал эмнэлгийн сургуулийг амжилттай төгссөн;
  • - 30 хүртэлх настай;
  • - Орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх.

 

Ажил олгогчид тавих шалгуур:

  • - Үйл ажиллагаа эрхлэх лицензтэй;
  • - Сүүлийн 3 жилд үйл ажиллагаа тогтвортой явуулсан;
  • - Төсөл хэрэгжиж буй 80 сумын аль нэгэнд байрладаг;
  • - Залуу малын эмч нарыг тогтвортой ажлын байраар хангах боломжтой/хүсэлтэй байх.

 

Хөтөлбөрийн нийтлэг асуулт, хариулт

Оролцогчийн насны хязгаарлалт

30 хүртэлх настай малын эмчээр суралцаж, төгссөн малын эмч нар уг хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргах боломжтой.

Хөдөө орон нутгаас хамрагдаж болох уу?

Харьяалал хамаарахгүй хамрагдах боломжтой. Гэхдээ сургалтад заавал өөрийн биеэр хамрагдах ёстой.

Хураамж төлөх үү?

Хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргахад ямар нэгэн хураамж авахгүй.

Хөтөлбөрт оролцсоноор ямар ажлын байранд очих вэ?

Хөтөлбөр нь орон нутаг дахь малын эмчийн тогтвортой ажлын байрыг дэмжих, бий болгох зорилготой тул сонгогдсон залуу малын эмч нар эхний жил сумын улсын болон хувийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, мал эмнэлгийн лабораториудын аль нэгт малын эмчээр бүтэн цагаар ажиллах ажлын байранд хуваарилагдан очно.

Ажиллаж байсан туршлага шаардах уу?

Шаардахгүй.

Хөтөлбөрт хамрагдах хугацаа?

Хөтөлбөрт шалгарсан залуу малын эмч нартай 1 жил хүртэлх хугацаатай хөдөлмөрийн/хөлсөөр ажиллах гэрээг байгуулна.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Шаардлага хангаж буй оролцогчид өргөдлөө бүртгэлийн линкээр эсвэл цаасаар Мал эмнэлгийн сургуулийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Б.Отгонтөгс-д өгнө.

Оюутан хамрагдаж болох уу?

Мөн МАА-н ЭЗЭН төслөөс зуны дадлага хийх боломжийг оюутан залуучуудад олгох ба тухай бүр төслийн веб хуудас www.LCP.mn –аар зарлана.