Малаас хүнд халдварладаг өвчнийг хямд зардлаар, үр дүнтэй тандах аргачлал боловсруулж байна
“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл” нь Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газартай хамтран үхэр сүргийн бруцеллёзын халдварыг сумын түвшинд шинэлэг аргаар тандах загвар боловсруулах ажлыг өнгөрсөн долоо хоногоос зохион байгуулж эхэллээ.
Бруцеллёз нь малаас хүнд халдварладаг өвчин юм. Монгол орны хувьд мал сүрэг дэх халдварын түвшин өндөр байгаагаас гадна малтай өдөр тутам харьцдаг малчдын дунд ч тус өвчний халдварлалтын түвшин өндөр байна. Тиймээс бруцеллёз өвчнийг тандах арга хэмжээг бага зардлаар илүү үр дүнтэй хэрэгжүүлэх аргачлал боловсруулж мал эмнэлгийн салбарт нэвтрүүлэх шаардлагатай байна. Халдвартай өрхийг илрүүлсний дараа тус өвчинтэй тэмцэх арга хэмжээг тухайн өрхөд чиглүүлэн илүү оновчтой хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Халдвартай сүрэг илрүүлэх шинэ аргачлалыг Өвөрхангай аймгийн Бат-өлзий, Хархорин суман туршиж байгаа ба энэ туршилтын хүрээнд нийт 900 гаруй өрхийн үнээнээс сүүний дээж цуглуулах ажлыг зохион байгуулаад байна. Ингэхдээ нэг айлын үнээний сүүг нийлүүлж холиод тухайн сүргийг төлөөлүүлэн нэг сүүний дээж авсан ба эдгээр дээжийг газар дээр нь явуулын лабораторид шинжиллээ. Энэ аргачлалыг нэвтрүүлснээр үхэр тус бүрээс сүүний эсхүл ийлдсийн дээж авах шаардлагагүй болж байгаа бөгөөд сүргээс халдварын сэжиг илэрсэн тохиолдолд тухайн сүргийн бүх үхрээс нэг бүрчлэн ийлдсийн дээж авч халдварын тархалтыг илүү нарийвчлан тогтоох юм.
Энэхүү аргачлалыг мал эмнэлгийн практикт нэвтрүүлэх, албажуулан баталгаажуулах улмаар бусад аймгуудад нэвтрүүлэх чиглэлд төслийн зүгээс үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллах болно.