МАА-Н ЭЗЭН төслөөс мал эмнэлгийн лабораторийн мэргэжилтнүүдэд сургалт хийж байна
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл (МАА-н ЭЗЭН) -өөс Мал эмнэлгийн лабораторийн хэмжих хэрэгслэлийн шалгалт тохируулга, хэмжлийн эргэлзээг үнэлэх ажлын байрны сургалтыг Баян-Өлгий, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн мал эмнэлгийн лабораториудад зохион байгууллаа. Сургалтанд мал эмнэлгийн “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори”, “Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори”, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори зэрэг нийт 24 лабораторийн 50 гаруй ажилтан оролцлоо.
Энэхүү чанар хангалтын системийн хэрэгжилтийг сайжруулах сургалтад хамрагдсанаар лабораторийн ажилтан нар ISO/IEC 17025:2017 стандартын “Лабораторийн хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, хэмжлийн эргэлзээг үнэлэх” шаардлагуудыг хэрэгжүүлэх, хүнсний нян судлалын үр дүнг баталгаажуулах, ийлдэс судлалын зарим сорилтуудыг үнэлэх, үр дүнг баталгаажуулах чадвартай болоод байна.
Уг сургалтыг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж байгаа ба цааш үргэлжлэн хэд хэдэн аймгаар зохион байгуулагдах юм.
МАА-н ЭЗЭН төслийг нь Дэлхийн банкны санхүүжилттэйгээр ХХААХҮЯ хэрэгжүүлж байгаа бөгөөд НҮБ-ийн ХХААБ нь мал эмнэлгийн бүрэлдэхүүн хэсэгт 2021 оноос техник туслалцаа үзүүлж байгаа юм.