Мал эмнэлгийн үргэлжилсэн сургалтын тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлж байна
Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж байгаа Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-н ЭЗЭН) төсөл нь мал эмнэлгийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мал эмнэлгийн үргэлжилсэн сургалтын тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлж байна. Төслийн хүрээнд мал эмнэлгийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрт сургалтын багцуудыг нэвтрүүлэх, малын эмч нар мэргэжлийн ур чадвараа хэрхэн сайжруулж байгааг бүртгэх, хянах боломжтой болох юм.
Малын эмчид итгэмжлэл олгох үйл ажиллагааг анх Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2002 оны А/60 тушаалаар батлагдсан журмын дагуу зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэхүү журмын дагуу малын эмч нар 5 жил тутамд нэг удаа төгсөлтийн дараах сургалтад хамрагдаж мэргэжлийн мэдлэг, ур чадвараа сайжруулах, улмаар итгэмжлэлээ сунгуулж үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэх эрхтэй болдог байсан.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А/385 тоот тушаалаар “Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах” журам шинээр батлагдсан бөгөөд тус журамд малын эмч, нар мэргэжлийн үйл мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх итгэмжлэлээ 5 жилээр сунгуулахын тулд жил бүр сургалтад хамрагдаж тодорхой тооны багц цаг цуглуулдаг байхаар заасан. Өөрөөр хэлбэл малын эмч нар төгсөлтийн дараах сургалтад тогтмол хамрагдах байдлаар мэргэжлийн ур чадвараа тасралтгүй сайжруулдаг байх зохицуулалтыг энэ журамд тусгаж өгсөн байна.
Тус журмын хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор “Мал эмнэлгийн ажилтны бүртгэлийн систем”-ийг тус салбарт нэвтрүүлэх ажилд төслийн зүгээс дэмжлэг үзүүлж байна. Энэхүү системийг ашиглалтад оруулснаар бүх малын эмч нар хэдэн багц цагийн сургалтад хамрагдсан талаарх мэдээлэл бүртгэгдэж улмаар итгэмжлэл сунгагдах эсэхийг хянах, шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Тус системийг хөгжүүлж турших эхний шатны ажил дууссан бөгөөд түүнийг удирдан ажиллуулах, ашиглалтыг төлөвшүүлэх хүрээнд хамтран ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран зохион байгуулж байна.