МАА-н ЭЗЭН төсөл "Зэрлэг амьтны өвчний тандалт" олон улсын зөвлөгөөнд оролцлоо
“Зэрлэг амьтны өвчний тандалт” сэдэвт олон улсын зөвлөгөөнд төслийн зүгээс дэмжлэг үзүүллээ. Энэхүү зөвлөлдөх уулзалтыг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, Зэрлэг амьтан хамгаалах олон улсын зөвлөл, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран 10 дугаар сарын 5-6 өдрүүдэд зохион байгуулсан юм.
Уг хэлэлцүүлэгт 60 гаруй төлөөлөгч оролцож зэрлэг амьтны өвчний тандалтын талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ирээдүйн төлөвлөгөө, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны саналуудаа хэлэлцлээ.
МАА-н ЭЗЭН төсөл “Нэгдсэн тандалт” сэдвээр илтгэл тавьснаас гадна хэд хэдэн хэлэлцүүлгийг удирдаж “Нэг Эрүүл Мэнд” ойлголтын хүрээнд оролцогч талуудыг хамтран ажиллахыг уриалсан юм. Түүнчлэн зэрлэг амьтны өвчний тандалтын одоогийн тогтолцооны нөхцөл байдлыг тодорхойлж, хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудлууд, мэдээллээ хуваалцах боломжийн талаар хэлэлцүүлгийг удирдан оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр МАА-н ЭЗЭН төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Монгол бөхөнд шүлхийн вирусийн халдварыг тодорхойлох судалгаа”-ны тайланг танилцууллаа. Мөн төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Эрт илрүүлэг, хариу арга хэмжээний тогтоцоо”-г уулзалтад оролцогчдод танилцуулсан юм. Тус тогтолцоо ашиглалтад орсноор мал, амьтны өвчнийг илүү үр дүнтэй тандах боломж бүрдэх юм.
‘Монгол бөхөнд шүлхийн вирусийн халдварыг тодорхойлох судалгаа’-ны тайлантай танилцахыг хүсье.