МАА-н ЭЗЭН төсөл шүлхий өвчний дэгдэлтийн шууд хохирлыг бууруулахад дэмжлэг үзүүлэв
Өнгөрсөн жил Монгол улсын хэмжээнд шүлхий өвчний дэгдэлт нэмэгдэж нийт 330 сумын 98-д бүртгэгдсэн билээ. Шүлхийн тархалт эрчимтэй нэмэгдэж байсан тухайн үед Дэлхийн банкны санхүүжилттэй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл (МАА-н ЭЗЭН төсөл) Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-т шүлхий өвчинтэй тэмцэх стратегийг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажилласан юм. Тухайн үед 6.5 сая тун шүлхийн вакцины нөөцтэй байсан тул эрсдэлийг тооцож зөвхөн “үхэр болон сарлаг”-ийн сүргийг дархлаажуулах стратегийг хэрэгжүүлэхэд төслөөс дэмжлэг үзүүлэн ажилласан. Уг стратегийг Мал эмнэлгийн Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн бөгөөд энэ зөвлөлийн гишүүд тус стратегийг зардал багатай, үр дүнтэй стратеги гэж дүгнэсэн юм. 2022 оны 4 дүгээр сард дархлаажуулалт эхэлснээс хойш шүлхийн дэгдэлт буурч 10 тохиолдол л шинээр бүртгэгдсэн байна. 2022 оны дархлаажуулалтын хоёр дахь аян яг одоо Монгол улс даяар явагдаж байна.
2020 оны 06 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн МАА-н ЭЗЭН төсөл нь мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мал эмнэлгийн салбарын чадавхыг бэхжүүлэх, цахимжуулах, хил даван халдварлах малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, тандалтыг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажилладаг. Тухайлбал, шүлхий өвчний тандалт, уг өвчинтэй тэмцэх ажлыг сайжруулахаар МЭЕГ-тай хамтран ажиллаж байна.
2021 оны шүлхийн дэгдэлт
10 шахам жилийн хугацаанд Монгол улсын баруун бүсийн 7 аймаг шүлхий өвчнөөс эрүүл бүс нутаг байсан юм. Монгол улсын Засгийн газар уг бүс нутгийг “Шүлхий өвчнөөс эрүүл” гэсэн албан ёсны статусыг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас авах зорилт тавин ажиллаж байв. Уг статусыг авахад баруун бүс нутаг шүлхий өвчингүй болохыг баталгаажуулах ажилд МАА-н ЭЗЭН төслөөс ХХААХҮЯ болон МЭЕГ-т дэмжлэг үзүүлэн ажилласан.
Харамсалтай нь 2021 оны 7 дугаар сард хөрш оронд гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт бүртгэгдсэнээр Монгол улсын баруун бүст шүлхий өвчин гарсан юм. Үхэр, сарлаг, хонь, ямаа зэрэг салаа туурайтан мал, амьтад нь шүлхий өвчинд маш мэдрэмтгий тул 2021 оны 7 сараас 2022 оны 2 сар хүртэлх богино хугацаанд Монгол улсын нийт 330 сумын 98-д шүлхийн өвчин бүртгэгдсэн юм. (Зураг 1).
Өмнө нь шүлхий өвчний тархалтыг зогсоох зорилгоор шуурхай вакцинжуулалтыг тухайн газар нутагт хэсэгчлэн хийдэг байсан боловч энэ нь үр дүнд хүрээгүй ба МЭЕГ-ын яаралтай үед ашиглах вакцины нөөц богино хугацаанд дуусахад нөлөөлсөн юм.
Зураг 1. Шүлхий өвчний 2021 онд бүртгэгдсэн тохиолдлын зураглал
Төслөөс шинэ стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэв.
Шүлхийн дэгдэлт нь малчдад сөрөгөөр нөлөөлөөд зогсохгүй олон нийтийн сүлжээнд мал эмнэлгийн үйлчилгээний чадавхын талаар ихээхэн шүүмжийг дагуулав. Улмаар МЭЕГ-ын удирдлага, зохион байгуулалт өөрчлөгдөж төслөөс шинэ удирдлагыг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр үргэлжлүүлэн дэмжин ажилласан юм. Ингэхдээ “зөвхөн үхэр болон сарлаг”-ийн сүргийг шүлхийн дархлаажуулалтад хамруулах шинэ стратегийг хэрэгжүүлэх үндэслэлийг гаргахад дэмжлэг үзүүлсэн.
Мал Эмнэлгийн Мэргэжлийн Зөвлөл тухайн үед дараах бодит нөхцөл байдлыг харгалзан дээрх стратегийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Үүнд:
- 2022 оны 2 сард шүлхий өвчний дэгдэлт орогномол түвшинд хүрсэн тул шинэ стратегээр тус өвчинтэй тэмцэх шаардлагатай болсон байв. Энэ үед Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Европын Холбооны шүлхий өвчинтэй тэмцэх комиссоос шүлхий өвчний дэгдэлтийн үр нөлөөг багасгах, шүлхийн вирусыг устгах чиглэлээр бодлого, арга зүйгээр ханган ажиллаж байсан бөгөөд тэдний зөвлөмжийг анхаарч үзсэн.
- Шүлхийтэй тэмцэх богино хугацааны арга хэмжээ нь шүлхий өвчнөөс эрүүл бус нутаг гэсэн статус авах урт хугацааны бодлоготой уялдсан байх шаардлагатай байв.
- Үхэр, сарлаг зэрэг бод мал нь бусад амьтанд халдвар тараах чадвар өндөр байдаг дунджаар 2.5-10 малд халдвар тараадаг гэж үздэг бол хонь, ямаа буюу бог мал нь 1-1.5 орчим амтанд халдвар тараадаг байна.
- Монгол орны хувьд нүүдлийн аж ахуйтай тул малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах нь тохиромжгүй бөгөөд бодитоор хэрэгжих боломжгүй арга юм.
- Шүлхийн 10-12 сая тун вакцин худалдан авах төсөвтэй байсан тул 70 гаруй сая малыг бүрэн дархлаажуулах боломжгүй байсан юм. Харин бод мал 5.5 сая тоо толгой юм.
Шинэ стратегийн үр дүн
Эхний ээлжинд бод малын шүлхийн өвчлөлийг бууруулах зорилгоор “Үхэр болон сарлаг”-ийн сүргийг дархлаажуулах ажил 2022 оны 4 сараас эхэлсэн. Монгол улсын хувьд нийт 190,000 гаруй малчдын ихэнх нь үхэр болон сарлагтай тул ихэнх малчин өрхөөр явж дархлаажуулалт хийх, түүнчлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээний ач холбогдолын талаар малчдад мэдээлэл өгөх боломж бүрдсэн юм.
Шинэ стратегийн дагуу хийгдсэн дархлаажуулалтын үр дүн хурдан бөгөөд тодорхой байсан. Дархлаажуулалт эхлээд 4 долоо хоногийн дараа гэхэд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна. (Зураг 2).
Зураг 2. 2021 болон 2022 онд бүртгэгдсэн шүлхийн тохиолдол
Ирэх саруудад нь шүлхий өвчний 10 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээр тохиолдол тус бүрт мал эмнэлгийн мэргэшсэн шинжээчид дүн шинжилгээ хийж үзэхэд гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж вакцинжуулалтыг зохих шаардлагын дагуу хийгээгүйгээс шүлхий өвчин гарсан гэсэн дүгнэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл шүлхийн вакцинжуулалт үр дүнгүй болсон эсвэл шүлхийн шинэ төрлийн хувилбар гарсан тохиолдол гараагүй байна.
Үндэсний хэмжээнд шүлхийн дархлаажуулалтын үр дүнгийн үнэлгээ хоёр сарын дараа хийгдсэн ба үнэлгээгээр нийт үхэр сүргийн 96 хувьд шүлхийн дархлаа тогтсон байгаа нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл үхэр сүрэг шүлхийн вирусээс хамгаалагдсан байна. Уг үнэлгээ нь Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын ХХААБ-ын дархлаажуулалтын дараах үнэлгээ хийх аргачлалын дагуу хийгдсэн байна.
Цаашдын төлөвлөгөө
Шүлхийн вакцинжуулалт хийснээс хойш 4-6 сарын дархлаа тогтоодог тул хоёр дахь дархлаажуулалтын аян энэ 9 дүгээр сараас эхлэн орон даяар явагдаж байна. Энэ удаад ч мал эмнэлгийн нэгжүүдтэй гэрээ хийж зөвхөн үхэр, сарлаг, шинэ гарсан тугалыг дархлаажуулах юм. 10 дугаар сард багтааж дархлаажуулалтыг хийж дуусгахаар ажиллаж байна. МАА-н ЭЗЭН төслөөс дараагийн шатны дархлаажуулалтад шаардлагатай вакциныг нийлүүлэхээр ажиллаж байна.