МАА-н ЭЗЭН төсөл Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад техник туслалцаа үзүүлж байна
Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж байгаа Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-н ЭЗЭН) төсөл нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажилд дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ ажлын эхлэл болгож үндэсний болон олон улсын зөвлөхүүдээс бүрдсэн баг тус хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж эхлээд байна. Тус баг нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, холбогдох бусад хуулиудын уялдаа холбоог хэрхэн хангах чиглэлээр зөвлөмж боловсруулах юм.
10 дугаар сарын 26-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газар, 21 аймгийн мал эмнэлгийн газрын удирдлагуудтай зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд орон нутагт тулгамдаж буй асуудлууд болон цаашид хууль, эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой саналуудыг сонсож, шаардлагатай асуудлаар хамран ажиллахаар шийдвэрлэв.
УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 тоот тогтоол, мөн УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 04 тоот тогтоолын хүрээнд Үндэсний хэмжээнд Мал, амьтны эрүүл мэндийн хууль, тогтоомжийг сайжруулах, Монгол улсын холбогдох хуулиудын уялдаа, холбоог хангах, олон улсын стандартад нийцүүлэх, шинээр болон шинэчлэн найруулах хуулийн төслүүдийн талаар тусгагдсан юм.
Иймд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар тус хуулийг олон улсын стандартад нийцүүлэх нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрэлдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.