Бичил биетний тэсвэржилтийн талаар сэтгүүлчидтэй чөлөөт ярилцлага хийлээ
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” -ийн аян эхэлж байгаатай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгөх чөлөөт ярилцлага, уулзалтыг 11 сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Бичил биетний тэсвэржилт гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетнүүд нь антибиотик, пестисит зэрэг бичил биетний эсрэг эмэнд дасал болж эмчилгээүр дүнгүй болохыг хэлнэ. Хүн, малд хамгийн өргөн хэрэглэдэг бичил биетний эсрэг эмийн нэг жишээ бол та бидний сайн мэдэх антибиотик юм. Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь иргэд аливаа эмийг хэтрүүлэн, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүйгээр хэрэглэх явдал юм. Мөн малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, газар тариалангийн салбарт зохисгүй, хяналтгүй хэрэглэснээр тэсвэржсэн бичил биетний тархалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Сэтгүүлчидтэй хийсэн энэхүү чөлөөт уулзалтыг Мал эмнэлгийн ерөнхий газар нь НҮБ-ынн ХХААБ болон тус байгууллагаас хэрэгжүүлж байгаа“Бичил биетний тэсвэржилтэд КОДЕКС-ийн стандартыг нэвтрүүлэх төсөл ” болон “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-тэй хамтран зохион байгуулав.
Хэвлэл мэдээллийн 20 гаруй төлөөлөл оролцсон уг уулзалтын үеэр бичил биетний тэсвэржилт, малын эмийн зохистой хэрэглээ, эмийн хяналт зэрэг сэдвүүдийн талаар нээлттэй ярилцаж санал солилцлоо.
Бичил биетний тэсвэржилтийн талаар олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох, эмийн зөв зохистой хэрэглээг сурталчлахад хэвлэл мэдээллийн оролцоо чухал юм.
БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ! Уриатай энэхүү 7 хоногийн аян нь 11 сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Энэ жилийн аяныг “НЭГ ЭРҮҮЛ МЭНД” үзэл баримтлалын хүрээнд НҮБ-ын ХХААБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Мал эмнэлгийн ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хамтран зохион байгуулж байна.