Зардал үр ашгийн шинжилгээний сургалт үргэлжилж байна
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс “Зардал үр ашгийн шинжилгээ” сэдвээр 1 өдрийн хэлэлцүүлэг, 3 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт, хэлэлцүүлгийг Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ) болон Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн (УМЭАЦТЛ) мэргэжилтэн албан хаагчдад зориулж хийж байгаа юм.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол улсын баруун бүсэд шүлхий өвчнөөр эрүүл бүс байгуулахад гарах зардал-үр ашгийн тооцоог хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа. Тус судалгааг хийлгүүлэх хүсэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Ерөнхий малын эмч ирүүлсэн. Уг тооцоолол, судалгаа нь баруун бүсэд шүлхийгээс эрүүл бүс байгуулах нь эдийн засгийн хувьд үр ашигтай эсэхийг тогтоож түүнд үндэслэн шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой юм. Уг тооцоолол, судалгааг Их Британийн Пирбрайтын хүрээлэнгийн судлаач, тархвар зүйч Жеоржина Лимон хийж гүйцэтгэсэн юм.
12 сарын 14-16-ны өдрүүдэд Жеоржина Лимон нь Хөдөө аж ахуйн их сургуулийн багш доктор Д.Кадирбектай хамтран зардал үр ашгийн шинжилгээний сургалтыг хийнэ. Уг сургалт нь эдийн засгийн аргачлалыг хэрхэн ашиглах, мэдээлэл цуглуулах болон удирдах, мэдрэмжийн шинжилгээ хийх зэрэг зардал үр ашгийн шинжилгээ хийхэд шаардлагатай ур чадварууд, арга хэрэгслэлүүдийг заах юм.
Энэхүү хэлэлцүүлэг, сургалтын үндсэн зорилт нь МЭЕГ болон УМЭАЦТЛ -ийн мэргэжилтнүүдэд малын эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд эдийн засгийн шинжилгээ хийх үндсэн зарчим, аргачлалыг зааж ур чадвар эзэмшүүлэх юм. Сургалтад хамрагдсанаар мэргэжилтнүүд нь малын эрүүл мэнд болон малын өвчинтэй тэмцэх хөтөлбөрүүдэд зардал үр ашгийн шинжилгээ хийж улмаар ХХААХҮЯ болон МЭЕГ-ын шийдвэр гаргагчид шинжлэх ухаанд суурилсан, тооцоололд үндэслэн шийдвэр гаргах боломж бүрдэнэ.