Малын эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-н ЭЗЭН) төслийн Үндэсний болон олон улсын зөвлөхүүд нь “Малын эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлох ажилд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Малын эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, санал солилцох уулзалтыг төслөөс зохион байгууллаа.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль, тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 143-т заасны дагуу Засгийн газар Малын эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг 2023 онд УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгагдсан. Энэхүү ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2022 оны 11 сарын 22-ны өдрийн А/358 дугаар тушаалаар “Малын эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэгт ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, “Давхар даатгал” ХК-ийн төлөөллүүд багтсан. Хэлэлцүүлэгт тус ажлын хэсгийн гишүүд оролцох бөгөөд “Малын эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн төслийг цаашид боловсруулах үе шатуудыг тодорхойлох юм.