“Мал эмнэлгийн нэгдсэн систем”-ийн шинэчлэгдсэн хувилбарыг 2023 оны 1 сарын 1-ний өдрөөс ашиглаж эхэлнэ
Мал Эмнэлгийн Ерөнхий Газар (МЭЕГ) нь 2016 оноос “Мал эмнэлгийн нэгдсэн систем 1.0”-ийг хөгжүүлэн улс даяар нэвтрүүлсэн бөгөөд тус системийг 2022 онд шинэчлэн сайжруулж “Мал эмнэлгийн нэгдсэн систем 2.0” хувилбарыг 2023 оноос ашиглалтад оруулж байна.
Мал эмнэлгийн нэгдсэн систем 2.0 хувилбарыг 2023 оноос ашиглаж эхлэхтэй холбоотойгоор бүх аймаг, сумдын мал эмнэлгийн байгууллагын ажилтнууд, малын эмч нарыг оролцуулсан Үндэсний түвшний цахим сургалтыг МЭЕГ болон Дижитал Медик ХХК нь Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-ЭЗЭН) төсөлтэй хамтран зохион байгуулж байна. 500 орчим мал эмнэлгийн байгууллагын ажилтнууд, малын эмч нар уг арга хэмжээнд цахимаар оролцлоо.
Энэхүү арга хэмжээний үеэр МАА-ЭЗЭН төслийн дэмжлэгтэй хөгжүүлсэн “Эрт илрүүлэг, хариу арга хэмжээний систем”, “Мал эмнэлгийн мэргэжилтний бүртгэлийн систем” болон “Бодит хугацааны мэдээллийн самбар” гэсэн 3 системийг МЭЕГ-ын дарга, Ерөнхий малын эмч Д.Батчулуунд албан ёсоор хүлээлгэн өгөв. Мөн “Мал эмнэлгийн нэгдсэн систем 2.0” болон дээрх хөгжүүлсэн системүүдийг хэрхэн ашиглах, анхаарах асуудлуудын талаар сургалт зохион байгууллаа.
Түүнээс гадна МАА-ЭЗЭН төслийн зүгээс “Мал эмнэлгийн нэгдсэн систем 2.0” болон төслийн дэмжлэгтэйгээр хөгжүүлсэн системүүдийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор 500 сая төгрөгийн үнэ бүхий 5 серверийг 2022 онд худалдан авч суурилуулан ашиглахад бэлэн болгосон бөгөөд ингэснээр ойрын 10 жилийн хугацаанд Мал эмнэлгийн нэгдсэн системийн найдвартай үйл ажиллагаа бүрэн хангагдаж байгаа юм.