“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл (МАА-ЭЗЭН) Махны холбоо ТББ-тай хамтран “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийг 01 сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Махны холбоо ТББ, Олон улсын санхүүгийн корпораци, махны үйлдвэрийн төлөөлөл, Мал эмнэлгийн ерөнхий газрын төлөөлөл оролцсон уг хэлэлцүүлгээр махны экспортод тулгарч буй хүндрэлүүд, боломж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Арга хэмжээний үеэр хэд хэдэн илтгэл тавигдаж оролцогчид санал, зөвлөмжөө хэллээ. Тухайлбал, Монгол улсын махны холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Батсуурь мах үйлдвэрлэл, тус салбарын одоогийн нөхцөл байдал, экспортын нөөц, стратеги, боломжуудын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн МЭЕГ-ын улсын ахлах байцаагч Б.Чулуунчимэг дотоодын болон гадаадын зах зээлд мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг гаргахад тавигдах нөхцөл шаардлага, стандартын талаар танилцуулав.
Түүнчлэн, махны экспортыг дэмжих урт хугацааны стратеги боловсруулах , махны зөвлөл байгуулах олон улсын туршлагын талаар олон улсын төслүүдийн зөвлөхүүд илтгэл танилцууллаа. Олон улсын туршлагаас харахад төр, хувийн хэвшлийг холбосон Махны зөвлөл ажилладаг байна. МАА-ЭЗЭН төслийн хуулийн зөвлөхүүд тус зөвлөлийг Монгол улсад байгуулахад анхаарах асуудлын талаар танилцуулж хэлэлцүүллээ.
Махны экспортын нэмэгдүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах нэн шаардлагатай байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд Махны холбоо ТББ-аас “Махны салбарын төр, хувийн хэвшлийн хэлэлцлийн хороо” байгуулах саналыг боловсруулан ХХААХҮЯ-нд хүргүүлээд байна.