Дэлхийн банкны малын эрүүл мэндийн зөвлөх Жон Вийвертэй хийсэн ярилцлага

Жон Вийвер нь малын эмч мэргэжилтэй. Тэрээр малын эрүүл мэндийн чиглэлээр олон улсад зөвлөхөөр ажилладаг. Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-ЭЗЭН) төсөл дөнгөж хэрэгжиж эхлэх цаг үеэс хойш тус төсөлд зөвлөхөөр ажиллаж ирсэн. Жон Вийвертэй МАА-ЭЗЭН төслийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсэг буюу “Малын эрүүл мэнд” бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Энэ удаад ямар зорилгоор Монголд ирж ажиллаж байна бэ?

Миний бие 2018 оноос хойш МАА-ЭЗЭН төслийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлж эхлэх ажилд оролцон хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ удаад Дэлхийн банкнаас томилогдсон төслийн Малын эрүүл мэнд бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтийг дэмжих, үйл ажиллагаанд дунд хугацааны үнэлгээ хийх багийн бүрэлдэхүүнд багтан Монгол улсад ирж ажиллаж байна. Миний бие тус төслийн хэрэгжилтийг дэмжих, ямар үр дүн гарч байгааг үнэлэх, түүнчлэн тулгарч байгаа хүндрэл, асуудлуудыг тогтоох, шийдвэрлэх, шаардлагатай бол зарим нэг төслийн үйл ажиллагааг өөрчлөх, сайжруулах санал, зөвлөмж боловсруулах чиглэлээр ажиллаж байна. МАА-ЭЗЭН төсөл, ялангуяа Малын эрүүл мэнд бүрэлдэхүүн хэсэг маш сайн хэрэгжиж байгаа болохоор төслийн үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт орохгүй. Гэхдээ зарим үйл ажиллагааг улам сайжруулснаар илүү үр дүн гаргах боломжийг нээж болох юм.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд төслийн хамтарч ажилладаг байгууллагууд, оролцогч талуудтай уулзалт хийлээ. Түүнчлэн төсөл хэрэгжсэн аймгуудаар явж ажиллаа. Төслийн хэрэгжилтийн явцын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?    

Баруун аймгуудад тухайлбал Ховд, Увс аймгуудад сүүлийн 6 өдөр ажиллаж төслийн хэрэгжилттэй танилцлаа. Орон нутгийн төлөөлөл, төрийн албан хаагчид, малчид, төрийн болон хувийн малын эмч нартай уулзах маш сонирхолтой байлаа. Ерөнхийдөө дүгнэн хэлэхэд, төсөл маш амжилттай хэрэгжиж байна. Төсөлд нэлээд хэд хэдэн хүндрэлүүд тулгарсан байна. Тухайлбал ковид цар тахлын нөлөөгөөр харилцаа холбооны хүндрэл учирсан, түүнчлэн зудын гамшгийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлж улмаар төслийн үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилт хасагдсан байна. Малын эрүүл мэнд бүрэлдэхүүн хэсэг дээр анх төсөвлөсөн 20 сая долларын санхүүжилт нь 8 сая болтлоо буурчээ.  Түүнчлэн, шүлхийн дэгдэлтээс үүдэн шүлхийн вакцин худалдан авахад санхүүжилт гаргах шаардлага гарсан байна.. 

Хэдийгээр эдгээр хүндрэлүүд тулгарсан ч гэсэн төслийн хэрэгжүүлсэн үндсэн үйл ажиллагаанаас харахад төсөл маш амжилттай хэрэгжсэн байна. Үндэсний хэмжээнд мал эмнэлгийн албаны, тухайлбал Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ), мал эмнэлгийн лабораториуд, аймаг, сумдын мал эмнэлгийн  тасгуудын чадавх сайжирч байна. Түүнчлэн орон нутгийн хэмжээнд халдварт өвчний тандалт, хяналт, шүлхий өвчинтэй тэмцэх хариу арга хэмжээ, Мал эмнэлгийн нэгдсэн системийг хөгжүүлэх зэрэг ажилд МАА-ЭЗЭН төслийн дэмжлэгтэйгээр томоохон ахиц дэвшлүүд гарсан байна.

Маш амжилттай хэрэгжсэн төслийн үр дүнгээс нэгийг нэрлээч гэвэл ямар ажлыг онцлох вэ?

Яг нэг үр дүнг онцолж нэрлэх нь маш хэцүү юм. Учир нь хэрэгжүүлж байгаа бүхий л үйл ажиллагаа хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг. Засгийн газрын түвшинд МЭЕГ-ын удирдлага доор үндэсний  мал эмнэлгийн үйлчилгээ хурдацтай сайжирч байна. Тухайлбал, мэргэжлийн чадавх болон хууль тогтоомж хэрэгжүүлэх чадамж, халдварт өвчинд хариу арга хэмжээ авах чадвар сайжирч байгааг онцолъё. Энэ нь МЭЕГ-аас хэрэгжүүлж байгаа ажлуудын үр дүн бөгөөд энэ үр дүнг гаргахад МАА-ЭЗЭН төслийн үйл ажиллагаанууд тухайлбал мэргэжлийн сургалтууд, тандалтын болон мэдээллийн системүүд, мал эмнэлгийн лабораториудын шинэчлэл зэрэг ажлууд ихээхэн хувь нэмрээ оруулж байна.

Орон нутгийн түвшинд ч мөн малчид, төрийн болон хувийн малын эмч нарын мэдлэг, чадварыг сайжруулахад чиглэсэн сургалт, бусад арга хэмжээг төслөөс маш сайн хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл МАА-ЭЗЭН төсөл нь нэг талаас үндэсний хэмжээнд мал эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэхийн тулд шийдвэр гаргах түвшний  байгууллагуудтай хамтран ажиллаж, нөгөө талаас орон нутагт мал эмнэлгийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх зорилгоор анхан шатанд хүрч ажиллаж байна. Хэрэгжүүлж буй эдгээр үйл ажиллагаа хоорондоо нягт уялдаа холбоотой байх нь маш чухал юм.

Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Монгол улсын Засгийн газар, МЭЕГ манлайлах үүргийг гүйцэтгэж Дэлхийн банк, НҮБ-ын ХХААБ дэмжлэг үзүүлж байна. МАА-ЭЗЭН төсөл нь эдгээр байгууллагуудын нягт хамтын ажиллагааны үр дүн юм.

Олон улсуудад ажилласан туршлагатай зөвлөхийн үүднээс харахад Монгол улсын мал эмнэлгийн салбарт ямар өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй байна гэж харж байна вэ?

Энэ асуултыг 2 хувааж хариулмаар байна. Нэг нь мал эмнэлгийн салбарт чиглэсэн нөгөө нь ерөнхийдөө ямар өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй байгаа талаар хариулъя.

Миний харж байгаагаар Монгол улсад тулгараад байгаа том асуудал бол малын тоо толгой хэтэрхий их байгаа асуудал юм. Бэлчээрийн даац хэтэрсэн, байгаль орчин доройтож байгаа асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр малын тоо толгойг бууруулах шаардлага тулгарч байна. Уг асуудлыг шийдэх нэг арга зам нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашигтай байдлыг сайжруулах замаар малын тоо, толгойг зохистой түвшинд байлгах юм. Гэхдээ яг үр дүнтэй байна уу гэдгийг хянах тогтолцоо мөн хэрэгтэй болно. Энэ бол мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоонд удаан хугацааны туршид өөрчлөлт хийж байж шийдэгдэх үндсэн асуудал юм. Хурдан шийдэх арга зам байхгүй.

Мал эмнэлгийн салбарын тухайд, хувийн малын эмч нар буюу мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн чадавх сайжрах хэрэгтэй байна. Удирдлагын түвшинд үндэсний хэмжээнд ямар үр дүнд хүрэхээ тодорхойлох зорилт, алсын хараа хэрэгтэй. Түүнчлэн, тодорхойлсон зорилтыг хэрэгжүүлэх, хөрсөн дээр буулгах чадавх хэрэгтэй. Миний харж байгаагаар удирдлагын түвшинд нэлээдгүй ахиц дэвшил гарчээ. Харин мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх нэгжийн түвшинд чадавхыг сайжруулах, улмаар малчдад хүрэх үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатай байна. Малын эмч нарын хүрэлцээ муу, залуу боловсон хүчний дутагдалтай байдал, мал эмнэлгийн үйлчилгээ ашигтай ажиллаж чадахгүй байгаа зэрэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Энэ чиглэлээр хийгдэж буй ажлуудыг үргэлжлүүлэх, дэмжих шаардлагатай.

Цаг зав гарган ярилцлага өгсөнд талархлаа илэрхийлье. Цаашдын ажил, үйлст нь амжилт хүсье.