“МАА-н ЭЗЭН” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн “Вирусийн гаралтай вакцин үйлдвэрлэлд шугаман эсийн технологи нэвтрүүлэх” төслийн нээлт
Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-ны хэрэгжүүлж буй “МАА-н ЭЗЭН” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн “Вирусийн гаралтай вакцин үйлдвэрлэлд шугаман эсийн технологи нэвтрүүлэх” төслийн нээлтийн арга хэмжээ 2024 оны 12-р сарын 12-нд боллоо.
Биокомбинат ТӨХХК нь мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох зориулалтаар хэрэглэдэг вакцин, биобэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэдэг цорын ганц үйлдвэр билээ. Мал эмнэлгийн эм, биобэлдмэлийн эрэлт хэрэгцээ жилээс жилд өсөж байгаатай холбоотойгоор үйлдвэрийн хоцрогдсон техник, технологийг шинэчлэн өргөтгөж хөгжүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, зарим шаардлагатай эм, биобэлдмэлүүдийг шинээр үйлдвэрлэх шаардлага гарч байна. Иймээс МАА-н ЭЗЭН төслийн хүрээнд вирусийн гаралтай вакцин үйлдвэрлэлийн лабораторийг засварлах, шинэ тоног төхөөрөмж суурилуулах, мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах улмаар вакцин үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлэх цогц үйл ажиллагааг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Шугаман эсийн технологийг нэвтрүүлснээр одоо үйлдвэрлэж байгаа вирусийн гаралтай вакцинуудыг шат дараатай шинэ технологи руу шилжүүлж, түүхий эдийн хараат байдал, улирлаас хамааралтай бэрхшээлийг шийдвэрлэж үйлдвэрлэлийн хэмжээг эрс нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаагаас гадна Монгол Улс гадаад улсаас өндөр үнээр импортолдог хонины цэцэг, бог малын мялзан болон үхрийн арьс товруутах зэрэг малын гаралтай өвчлөлийн вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэж, оношилгооны лаборатори нь бүрэн чадавхжаад байна.
Нээлтийн арга хэмжээнд Дэлхийн банкны ахлах эдийн засагч Ситарамачандра Мачиражу болон Ц.Ванчин, МАА-ЭЗЭН төслийн зохицуулагч Л.Баяртулга, Биокомбинат ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал М.Энх-Амар, Suzhou Womei Biology компанийн төслийн удирдагч Лин Чен болон бусад албаны хүмүүс оролцов.