“МАЛ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрт 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон албаны бусад төлөөлөл оролцлоо.
“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2020-2025 онд 14 аймгийн 150 сум болон нийслэлд хэрэгжүүлэх юм. Төслийн зорилго нь Мал сүргийн эрүүл мэнд, бүтээмж, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд оршиж байна.
Төслийн хүрээнд баруун 7 аймгийг шүлхий, бог малын мялзан зэрэг гоц халдварт өвчингүй бүс хэмээн олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын төв лабораториудыг олон улсын түвшинд хүргэх, төсөл хэрэгжих аймгуудын мал эмнэлгийн лабораторийг сайжруулах, сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлэх, малын эмч нарыг чадавхжуулах, мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах чиглэлээр ажиллах юм.
Төслийн хөгжлийн зорилгын хүрээнд малын гоц халдварт өвчний тохиолдлыг 20 хувиар бууруулах, мах, сүүний гарцыг 10 хувиар, малын үнэ цэнийг 20 хувиар нэмэгдүүлэх шалгуурыг хангахын төлөө ажиллах юм.
Манай улс 2013-2017 онд Дэлхийн банкны 11 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 15 суманд амжилттай хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд малчдыг зах зээл, хэрэглэгчидтэй шууд холбох, мал сүргийн үржлийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр ажилласан юм. Уг төсөлд 14.0 мянга гаруй малчид хамрагдаж, мах, сүү, ноос, ноолуураас олох орлого дунджаар 78 хувиар нэмэгдсэн судалгаа байна.