45 МЯНГА ГАРУЙ МАЛЧИН ӨРХӨД ХҮЧИТ ТЭЖЭЭЛИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

 Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын бүх сум болон отроор явж буй малчин өрхөд тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.  Эхний ээлжид Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн малчин өрхөд тэжээл хүргэх эхний цуваа өнөөдөр (2021.01.06) орон нутгийг зорьж байна. Цаашид үйлдвэрүүдийн хүчин чадалд тулгуурлан бусад малчдад тэжээлийг хүргэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм. Энэхүү үйл ажиллагаанд  МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар оролцлоо.

Улсын онцгой комиссын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны  өдрийн 18 дугаар тушаалаар байгуулагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хамтарсан шуурхай бүлэг Зудын эрсдэлийн үнэлгээг батлагдсан  аргачлалаар хийсэн байна.

Энэхүү Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгууд, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум “маш их”, “их” зудын эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 16-ны өдрийн хуралдаанаар 213 дугаар тогтоолыг баталж, өвөлжилт хүндэрсэн нэр бүхий  аймаг  сумдын 45 мянга гаруй малчин өрхөд 300,000 төгрөгийн MNS1077:2008 стандартын шаардлага хангасан, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын бүх сум болон отроор явж буй малчин өрх багтаж байна. 

Тус дэмжлэгийг Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5 сая ам.долларын эх үүсвэрээр үзүүлэх юм.

 “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2020-2025 онд 14 аймгийн 150 сум болон нийслэлд хэрэгжүүлэх юм. Төслийн зорилго нь Мал сүргийн эрүүл мэнд, бүтээмж, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд оршиж байна.

 Тэжээлийн тээвэрлэлт болон зохион байгуулалт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажиллаж байна. 

Өвөлжилт хүндэрсэн, зудын эрсдэлтэй малчдад нийлүүлэх хүчит тэжээлийг үе шаттай тээвэрлэн аймгийн шуурхай удирдлагын штаб, Аймгийн Онцгой байдлын нөөцийн агуулахад хүргүүлнэ. Аймгаас сум хүртэлх тээврийг Аймаг, сумын Онцгой байдлын комисс зохион байгуулах юм.

Хүчит тэжээлийг зорилтот малчин бүрд бодитоор хүргүүлсэн эсэхийг хянах зорилгоор гар утасны аппликэйшн ашиглана. Малчин өрхийн бүртгэлтэй гар утасны дугаарт давтагдахгүй 4 оронтой код илгээж тус тоог хүлээлгэн өгсөн Сумын онцгой комиссын түгээгчид бүртгүүлснээр давхцал үүсэхгүй, зорилтот малчин өрхөд очих тэжээлийн дэмжлэг хүрснийг баталгаажуулах юм.

Үйлдвэрээс тэжээл ачигдаж аймгийн онцгой комисст, аймгийн онцгой комиссоос сумын онцгой комисст, сумын онцгой комиссоос малчинд хүргэсэн  бүртгэлийг аппликэйшнээр дамжуулан тухай бүр баталгаажуулна. Сумын төвд хүргүүлсэн тэжээлийг малчид өөрийн унаагаар ирж авахаар зохицуулсан байна. Ирж авах боломжгүй малчин өрхийн тэжээлийг шаардлагатай бол сумын Онцгой комиссоос хүргэж өгөх ажлыг зохион байгуулах юм.

Мөн малчдад малыг нэмэгдэл тэжээлээр тэжээх шаардлага, нэмэгдэл тэжээлийн хэрэгцээг тооцох, тэжээх малыг сонгох, мал тэжээх зөвлөмжийг хүргүүлсэн юм.