“МАА-Н ИННОВАЦИ ШИНГЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗАГВАР”, “БҮТЭЭМЖИТ ТҮНШЛЭЛИЙН ХАМТЫН ШИЙДЭЛ” 7-Р САРЫН 25 НААС ШАЛГАРУУЛЖ ЭХЭЛНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банктай хамтран “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийг “Мал аж ахуйн инноваци шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар”, “Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл” төрлөөр Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дундговь, Хэнтий, Төв аймгийн нэр бүхий 60 сум, Улаанбаатар хотод хэрэгжүүлнэ.

“Мал аж ахуйн инноваци шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар” төрөлд малын эрүүл мэндийн үйлчилгээ, малын нөхөн ба сонгон үржүүлэх, ХАА-с ялгарах хүлэмжийн хийг бууруулах, байгалийн аюулт болон гамшигт үзэгдлийн эрсдэлийг даах чадавхтай мал аж ахуйг хөгжүүлэх, МАА-н салбарт орчин үеийн цахим шийдэл болон цахим үйлчилгээ нэвтрүүлэх зорилготой төсөлд 100 000 ам.доллар хүртэлх санхүүжилт олгоно. Үүнд мах, сүү, ноос, ноолуурын чиглэлийн мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн компани, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хоршоо, зөвлөх үйлчилгээ, гарааны бизнесүүд төслөө ирүүлэх юм.

“Бүтээмжит  түншлэлийн хамтын шийдэл” төрөлд, мах, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр, мал үржүүлгийн газар, тэжээл тариалалт, сүүний чиглэлийн тэргүүлэгч компаниуд түншлэл байгуулан оролцох боломжтой. Тодруулбал энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүд хамтран малчид болон нэмүү өртгийн сүлжээнд оролцогчдын хооронд зах зээлийн эрэлт хэрэгцээнд суурилсан олон талт бүтээмжит түншлэлийг бий болгох зорилготой төсөл санаачилж, “үр дүнд суурилсан” нөхцөлтэйгөөр 500 000 ам.доллар хүртэлх санхүүжилт авах боломжтой байна. Ингэхдээ тогтвортой, ногоон, өрсөлдөх чадвар бүхий нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх шийдлүүдийг төсөлдөө багтаасан байх юм.

“Шинэлэг шийдэл” хөтөлбөрийн “Мал аж ахуйн инноваци шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар” төрөлд 130, “Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл” төрөлд 33 санал оролцогчдоос хугацаанд нь ирүүлсэн байна.  Эдгээр төслийн саналыг хууль журам, графикийн дагуу төслийн нэгж, техникийн экспертүүд, үнэлгээний хороо үе шаттайгаар сонгон шалгаруулах юм.

Өөрөөр хэлбэл мах, сүү, ноос, ноолуурын нэмүү өртгийн сүлжээнд үйлчилгээ үзүүлэх инновац болон түншлэлийн шийдлийн саналуудыг нээлттэй 2021 оны 6-р сарын 27-нд хүлээн авч дууссан бол 7-р сарын 25-ны өдрөөс шалгаруулалтууд эхлэх юм.

Ийнхүү шалгарсан төслүүд нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, Дэлхийн банкнаас баталсан Байгаль орчин, нийгмийн удирдлагын хүрээг дагаж мөрдөх юм.