Гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээнд Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс дэмжлэг үзүүлнэ
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний халдвар 2021 онд эрс нэмэгдэж, урьд өмнө бүртгэгдэж байгаагүй төвийн болон баруун бүс нутагт олон тооны тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.
Олон аймаг, сумдыг хамран тархаад байгаа шүлхий өвчний өнөөгийн нөхцөл байдлыг нарийвчлан судлах, халдвар тархах болсон шалтгаан, эрсдэлт замуудыг яаралтай тогтоох, уг өвчинтэй тэмцэх арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулах зорилгоор ‘’Шүлхий өвчний дэгдэлтийн судалгаа’’-г Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-тай хамтран 2021 оны 9 дүгээр сарын 15-21-ны өдрүүдэд 8 аймгийг хамруулан зохион байгуулсан байна.
Тус судалгааны үр дүнг үндэслэн малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах, бүс дамжин отор нүүдэл хийх явдлыг зогсоох, шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтыг шаардлагатай бүс, нутгуудад тодорхой стратегийн дагуу яаралтай зохион байгуулах, хорио цээрийн дэглэмийг бууруулахын өмнөх эмнэлзүйн болон ийлдэс судлалын тандалт хийх, тандалтын үр дүнг үндэслэн хорио цээрийн дэглэмийг бууруулах, малчид, мал бүхий иргэдэд шүлхий өвчний эмнэлзүйн шинж тэмдэг, өвчний тархалт, шилжилт хөдөлгөөний үед мөрдөх хууль тоштоомжийн талаар сэрэмжлүүлэг, ухуулга хийх зэрэг эрсдэлд суурилсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг МЭЕГ-т зөвлөмж болгосон байгаа.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийх замаар мал сүрэгт дархлаа үүсгэх нь түүний тархалтыг зогсоох, улмаар хяналтад авах үр дүнтэй арга гэж үзэж байгаа тул 5.5 сая тун вакцин худалдан авахад зориулан Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс нийт 1.9 сая ам.доллартай тэнцэх хөрөнгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлээд байна.