МАА-Н ЭЗЭН төсөл мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ), Мал Эмнэлгийн Ерөнхий Газар (МЭЕГ) хамтран 10 дугаар сарын 3-аас 4-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Монгол Улсын мал эмнэлгийн албаны гүйцэтгэл”-ийн талаарх талуудын дугуй ширээний уулзалтад төслийн мэргэжилтнүүд оролцлоо.
Энэхүү уулзалтыг нь ДМАЭМБ-аас Монгол Улсын мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн ахиц дэвшилд 2019 онд хийсэн үнэлгээнээс гарсан зөвлөмжийн хэрэгжилтийн явцтай танилцах, үнэлэх зорилготойгоор зохион байгуулсан юм. Уулзалтын үеэр оролцогч талууд мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа, амжилт, бэрхшээл, үнэлгээний түвшинг ахиулах боломжуудын талаар хэлэлцэв.
Мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн үнэлгээнээс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд МААЭЗЭН төсөл, тэр дундаа НҮБ-ын ХХААБ-ын техник туслалцаагаар хэрэгжиж буй “Малын эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсэг”нь 2020 оноос Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж МЭЕГ-тай нягт хамтран ажиллаж ирсэн.
Уулзалтын үеэр МААЭЗЭН төслөөс хэрэгжүүлсэн дараах арга хэмжээнүүдийг оролцогч талууд өндрөөр үнэлж мал эмнэлгийн үйлчилгээний гүйцэтгэлийг сайжруулахад томоохон хувь нэмрээ оруулж байгааг онцолсон юм. Үүнд:
- Мал эмнэлгийн үйлчилгээг цахимжуулах ажилд төслийн зүгээс дэмжлэг үзүүлж “Мал эмнэлгийн ажилтны бүртгэлийн систем”, “Эрт илрүүлэг, хариу арга хэмжээний систем”, “Бодит хугацааны мэдээллийн самбар” -гэсэн системүүдийг тус тус хөгжүүлсэн. Эрт илрүүлэг, хариу арга хэмжээний системийг МЭЕГ ашиглаж эхэлсэн бөгөөд үлдсэн хоёр системийг хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
- Мал эмнэлгийн албаны хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд төслөөс дэмжлэг үзүүлж байгаа ба энэ хүрээнд малын эмчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулах ажилд хувь нэмрээ оруулсан. Түүнчлэн, улсын хэмжээнд шинээр нэвтрүүлж байгаа “Эрт илрүүлэг, хариу арга хэмжээний систем”-ийн талаар салбарын мэргэжилтнүүд болон малын эмч нарт цуврал сургалтуудыг зохион байгуулсан.
- Мал эмнэлгийн оношилгооны лабораториудыг шинэчлэх, тоног төхөөрөмжөөр хангах, дэд бүтцийн барилга байгууламжийг сайжруулах чиглэлээр Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори болон Ховд, Хэнтий, Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн лабораториудтай хамтран ажиллаж байна.
- Малын эрүүл мэнд, малын өвчний талаар олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор МЭЕГ, МҮОНРТ-тэй хамтран телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэн явуулж байна.
- Шүлхий өвчинтэй тэмцэх, шүлхийн дархлаажуулалтын стратегид олон улсын туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр МЭЕГ-т дэмжлэг, зөвлөгөө үзүүлсэн.
- Монгол улсын Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах чиглэлээр техник туслалцаа үзүүлж байгаа зэргийг онцоллоо.
Монгол улсад мал эмнэлгийн үйлчилгээг төрийн болон төрийн бус олон талууд хамтран үзүүлдэг бөгөөд уулзалтын үеэр нийт оролцогчид олон улсын донор байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах нь чухал байгааг онцолсон юм. Дэлхийн банкны санхүүжилттэй МААЭЗЭН төсөл мал эмнэлгийн үйлчилгээний гүйцэтгэлийг сайжруулахад МЭЕГ болон бусад оролцогч талуудтай хамтран үргэлжлүүлэн ажиллах болно.