Оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав
Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж байгаа Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-н ЭЗЭН) төсөл нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэх ажилд дэмжлэг үзүүлж байна. Уг ажлын хүрээнд 11 сарын 23-ны өдөр төслийн хуулийн зөвлөх баг нь хийж гүйцэтгэх ажлын ерөнхий агуулга болон үйл ажиллагааны төлөвлөгөөг холбогдох байгууллагуудад танилцуулах зорилготой уулзалтыг, зохион байгууллаа.
Тус уулзалтад ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Улсын ариун цэвэр, мал эмнэлгийн төв лабораторийн холбогдох мэргэжилтнүүд оролцож хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Мал эмнэлгийн салбарын өнөөгийн бодлого, хууль эрх зүйн орчны талаарх мэдээллийгтөслийн зөвлөх багаас танилцуулж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн уг техникийн туслалцааны ерөнхий агуулга, цар хүрээг хэлэлцсэн юм.
Үндэсний болон олон улсын 4 зөвлөхөөс бүрдсэн баг тус хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, холбогдох бусад хуулиудын уялдаа холбоог хэрхэн хангах, олон улсын хууль тогтоомжтой хэрхэн нийцүүлэх чиглэлээр зөвлөмж боловсруулах юм.