Мал эмнэлгийн мэргэжилтний бүртгэлийн систем нэвтэрч эхэллээ
Мал эмнэлгийн ерөнхий газар нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А-385 дугаар тоот тушаалаар батлагдсан “Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгын хүрээнд “Мал эмнэлгийн мэргэжилтний бүртгэлийн систем”-ийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Дэлхийн банкны санхүүжүүлттэй МАА-н ЭЗЭН төсөл нь энэхүү системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд, төслөөс системийн нэвтрүүлэлт, ашиглалтыг төлөвшүүлэх байгууллагыг сонгон шалгаруулж хамтран ажиллаж байна.
Одоогоор тус систем нь “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системтэй холбогдсон бөгөөд ингэснээр мал эмнэлгийн ажилтны бүртгэлийн нэгдсэн сан бий болох, мал эмнэлгийн үргэлжилсэн сургалтыг цахимаар бүртгэх, зохион байгуулах боломж бүрдэж байна. Үүнээс гадна тус систем ажиллаж эхэлснээр мал эмнэлгийн ажилтнууд нэг хэрэглэгчийн хаягаар “Мал эмнэлгийн нэгдсэн систем” болон түүний бүрэлдэхүүн системүүдэд нэвтрэх боломж бүрдэх юм.
Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтын зар, мэдээллүүд Мал Эмнэлгийн Ерөнхий Газрын Малын эмчийн төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт хуудсаас авч байхыг хүсье.