Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн Л.Оюунжаргалтай “Эрт илрүүлэг, хариу арга хэмжээний тогтолцоо”-ны талаар хийсэн ярилцлага
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-н ЭЗЭН) төсөл 2022 оноос Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-тай хамтран “Мал эмнэлгийн нэгдсэн систем”-д “Эрт илрүүлэг, хариу арга хэмжээний тогтолцоо”-г нэвтрүүлэхээр ажиллаж ирсэн. Энэ нь малын өвчний тандалтын нэгдсэн тогтолцоог сайжруулах, бүх мэдээлэл, датаг “Мал эмнэлгийн нэгдсэн систем”-д нэгтгэх, түүнийг хянах, удирдах боломжийг бий болгож байгаа юм.
Л.Оюунжаргал тус системийг сумын түвшинд нэвтрүүлэхээр МАА-н ЭЗЭН төсөлтэй хамтран ажиллаж ирсэн. Одоо тэрээр “Эрт илрүүлэг, хариу арга хэмжээний тогтолцоо”-г улсын хэмжээнд нэвтрүүлэх ажилд гар бие оролцон ажиллаж байна. Ингээд Л.Оюунжаргалтай хийсэн богино ярилцлагыг хүргэж байна.
Эрт илрүүлэг, хариу арга хэмжээний тогтолцоо гэж юу вэ?
Мал амьтны халдварт өвчнийг сум, малчин өрхийн түвшинд эрт илрүүлэх зорилгоор Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч нар малд эмнэлзүйн үзлэг хийж Мал эмнэлгийн нэгдсэн систем (МЭНС)-д үзлэгийн үр дүнг илгээнэ. Мал эмнэлгийн тасаг илгээсэн мэдээллийг баталгаажуулан эрсдэлийн үнэлгээ хийж тухайн аймгийнхаа Мал эмнэлгийн газарт мэдээлнэ. Мал эмнэлгийн газар нь сумдаас ирсэн эрсдэлийн үнэлгээнд дүн шинжилгээ хийж шаардлагатай бол шуурхай хариу арга хэмжээ авах, шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангаж ажиллах тогтолцоо юм.
Энэхүү тогтолцооны ач холбогдол юу вэ?
Товчоор хэлбэл дараах хэд хэдэн ач холбогдолтой. Үүнд:
- Бүх шатны мал эмнэлгийн газруудыг эрсдэлийн мэдээллээр хангах;
- Шүлхий, бог малын мялзан, хонь, ямааны цэцэг, үхрийн арьс товруутах зэрэг гоц халдварт өвчний дэгдэлтийг эрт илрүүлж, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх;
- Малын гоц халдварт өвчний тандалт, урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээний талаар нотолгоонд суурилсан шийдвэр гаргах боломж бүрдэх зэрэг олон ач холбогдолтой.
Эрт илрүүлэг, хариу арга хэмжээний тогтолцоог нэвтрүүлэхэд ямар ажлууд хийгдэж байна вэ?
2022 оны 05-06 саруудад МЭЕГ болон МАА-н ЭЗЭН төсөл хамтран “Эрт илрүүлгийн үзлэг”-ийн нэгдсэн сургалтыг Улаанбаатар болон 21 аймгийн байцаагч, зооноз халдварт өвчин тандалтын асуудал хариуцсан мэргэжилтэн нарт хийж, сургагч багш нар бэлтгэгдсэн. Үүний дараа Дэлхийн зөн ОУБ-тай хамтран аймаг, сумын байцаагч, тархварзүйч нарт зориулсан сургалтыг 21 аймагт зохион байгуулж нийт 1000 гаруй хүнийг хамруулаад байна.
МЭЕГ-ындаргын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Аргачлал батлах тухай” А/177 дугаар тушаалаар “Эрт илрүүлэх, хариу арга хэмжээний тандалтын заавар “ батлагдан гарсан.
2023 он гарснаас хойш одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 480 өрхөд эрт илрүүлгийн үзлэг хийгдэж МЭНС-д илгээгдсэн байна. 1-р сарын 18-нд МЭЕГ-аас аймгийн Мал амьтны эрүүл мэндийн алба, байцаагч, Зооноз халдварт өвчин тандалтын асуудал хариуцсан мэргэжилтэн нартай уулзалт хийж Эрт илрүүлэг, хариу арга хэмжээний системд мэдээлэл хэрхэн илгээх, баталгаажуулах, ямар хүндрэлүүд тулгарч байгаа, цаашид хэрхэх талаар санал солилцлоо.
Цаашид юун дээр анхаарч ажиллах шаардлагатай вэ?
Гоц халдварт өвчний дэгдэлт ихтэй байгаа өнөөгийн нөхцөлд орон нутгийн малын эмч нар Эрт илрүүлгийн үзлэгийг идэвхтэй хийж , эрсдэлийг тогтмол үнэлэх нь гоц халдварт өвчнийг эрт илрүүлж, шуурхай арга хэмжээ авахад чухал нөлөөтэй. Иймд малын эмч нартаа эрт илрүүлгийн үзлэгээ идэвхтэй явуулахыг уриалж байна. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нартай илүү хамтран ажиллана гэж найдаж байна.