ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМГУУДАД ХҮРГЭГДСЭН ХҮЧИТ ТЭЖЭЭЛИЙГ МАЛЧДАД ТҮГЭЭХ АЖИЛД АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨВ

Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-ны хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумд, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгуудын бүх сумдын болон отроор явж буй нийт 45 мянга гаруй малчин өрхөд 11 гаруй мянган тонн хүчит тэжээл хүргүүлэх ажил үргэлжилж байна.

Тэжээлийг малчдад хүргэх ажлыг тухайн аймаг, орон нутгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцаж байгаа бөгөөд “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн ажлын хэсэг 2021 оны 1 дүгээр сарын 28-аас 2 сарын 2-ны өдрүүдэд дээрх аймгуудад ажиллаж, орон нутагт хүргүүлсэн тэжээлийг зорилтот бүлгийн малчин өрхөд үр дүнтэй түгээх ажлыг аймаг, орон нутагт хэрхэн зохион байгуулж байгаа байдалд хяналт тавьж ажиллалаа.

Уг ажлын хүрээнд тэжээлийн хүргэлт, хүлээн авалт, хадгалалт, хуваарилалт, тараалтын байдалд төслийн дотоодын хяналт үнэлгээ хийж, тэжээл олгох ажлын хэсгүүдэд санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх арга зүйн зөвлөгөө өгөв.

Түүнчлэн малчин өрхөд тусламж хүргэсэн бүртгэлийг аппликэйшнээр дамжуулан тухай бүрд нь баталгаажуулах ажлыг үр дүнтэй явуулах үүднээс төслийн ажлын хэсгээс холбогдох албаныханд сургалт явуулж, малчдад хүчит тэжээлээр малаа тэжээх арга зүйн заавар, зөвлөгөө өгч, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Өнөөдрийн байдлаар тэжээл хүргүүлэх явц Говь-Алтай аймагт 30 хувь, Өмнөговь аймагт 38 хувь, Баянхонгор аймагт 23 хувь, Дундговь аймагт 43 хувь, Өвөрхангай аймагт 19 хувьтай буюу нийт таван аймагт 30 хувийг тээвэрлэн хүргүүлээд байна.